sanaa sain bol zaya sain

Эмийн ургамал устлаа

 Эмийн ургамал устлаа Монгол орон 3000-аад төрлийн ургамалтай. Үүний 800-1000 орчим нь эмийн ургамал. Гэхдээ эдгээр ургамлыг бүтээгдэхүүн болгоод эмийн сангийн лангуун дээр өрчихөөгүй. Эмийн түүхий эд болгон 300 гаруй нэр төрлийг нь л ашигладаг.Эмийн ургамлын төрөл зүйлийн тоо сүүлийн үед цөөрсөн, ургамлын нөөц багассан нь анхаарал татав. 1990-ээд оноос өмнө Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийнхэн Монгол орны ургамлын нөөц, түүн дотор эмэнд хэрэглэдэг түүхий эдийн нөөцийг судалдаг байж. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш өвс ногоо бүртгэх нь байтугай хүнийхээ тоог ч нарийн гаргаж дөнгөхөө болилоо шүү дээ.
Социализмын үед 20-30 эм хийдэг байсан бол одоо 200-аад нэр төрлөөр нь үйлдвэрлэж байна. Тэр хэмжээгээр эмийн ургамлын нөөц багассаар.

Нийслэлд эмийн 16 үйлдвэр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ. Хуулийн дагуу бүртгүүлсэн нь энэ ч үүний цаана хэчнээн үйлдвэр хулгайгаар ажиллаж байгааг хэлж мэдэхгүй гэж мэргэжлийн хүн нь ярив. 236 төрлийн ургамлын гаралтай түүхий эдээр эм хийдэг гэнэ. Үүний 99-ийг нь гадаадаас, 137-г нь дотоодоос хангадаг гэсэн тооцоог судлаачид гаргажээ. Үүгээр тэд 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Энэ нь жилд таван тн эм зах зээлд нийлүүлж байна гэсэн үг. Мөн бэлэн болсон эмийг борлуулах 200 гаруй эмийн сан улсын хэмжээнд ажиллаж байна. Бас л бүртгэлтэй нь энэ боловч хууль бусаар хэчнээн эмийн сан ажиллаж байгааг хэлэхэд хэцүү. Улаанбаатарт эмийн бизнес хүчээ авсан. Худалч хүнд нийслэлийн орон сууцуудын булан тохой бүрт эмийн сан гэсэн хаяг харагдах болов. Эмийн худалдаа дэлхий нийтээр сүлжээ болон цэцэглэж энд асар их мөнгөний урсгал явагддаг том бизнес. Их мөнгөний үнэр манай улсад ханхалж эхэлснийг үндэсгүй цэцэглэж байгаа эмийн бизнес батална.

Өвдсөн хүн эмчийн бичиж өгсөн эмийг авч л таараа. Хэдий өндөр үнэтэй байсан ч мөнгөө харамлаад хоногоо хүлээн хэвтэхгүй нь ойлгомжтой. Эмийн сангийн сүйхээтэйхэн боосууд эмч нартай нийлж бүтээгдэхүүнээ шахах арга олчихдог болсон цаг. Эмчилгээний жор бичиж суугаа цагаан нөмрөгтэй эмч тэрүүхэн булан тойроход тийм нэртэй аптек бий. Тэндээс энэ эмийг авч уугаарай гээд замыг нь заагаад өгдөг биз дээ. Тэгээд ч эм сүү шиг гашлахгүй, мах шиг муудахгүй. Эрсдэл багатай наймаа. Ингээд бодоход эмийн наймаачид хүрээгээ огцом тэлсний учрыг мэдэх амархан.
Монгол хүний эрүүл мэндэд тустай олон ургамал манай орны хөрсөнд ургадаг. Гэхдээ юм бүхэн хэмжээтэй. Хэмжээг нь хэтрүүлбэл сөрөг үр дагавар гарч таарна. Тэгэхээр ургамлын нөөцийг тогтоосны дараа ямар хэмжээний үр жимс авч болохыг мэргэжлийн улс тогтоодог. Жишээ нь, чацарганы бут манай орны 1.5 сая га хавтгай дөрвөлжин газар нутгийн 29 мянган га талбай эзлэн ургадаг. Үүнээс жилд 500 тн жимс ургана. Чихэр өвс 16 мянган га газарт ургадгаас 4000 тн үндэс авч болно. Монгол хундгана гэж чухал ургамал бий. Монгол орны өргөн уудам газар нутгийн 0.5-хан га газарт ургадаг энэ ховор ургамал өгөөж ихтэй. Жилд таван тн ургац өгнө. Үүнээс 0.5 тн-ыг эмийн үйлдвэрүүд ашиглахад ургамлын бүтцэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн мэргэжлийн хүмүүсийн тооцоо байна. Гэтэл энэ горим алдагджээ. "Эмийн ургамал харсаар байтал ховордох болсон. Монгол хундгана Улаанбаатар орчмын хоёрхон газарт бий. Богд уулын зүүн урд Төмөр замын IV зөрлөгийн ойролцоо, Хүй долоон худагт ургадаг байсан. Тэнд морины уралдаан хийх болсноос хойш өнөөх ховор ургамал хүн, малын хөлд гишгэгдэн устаж алга боллоо" гэж Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн профессор, доктор Ч.Санчир ярилаа.

Цагаан гоёо чалх сайжруулдаг, нас уртасгадаг гэнэ. Үүнийг хятадууд хямд үнээр худалдаж авдаг. Уржнан хил дээр таван тн-ыг хураажээ. "Таван тн гэдэг цагаан гоёоны байгалийн нөөцийн таван хувийг нэг хавар аваад явчихлаа гэсэн үг. Ийм хэмжээний ургамлыг хилийнхэн хаана, хэнд өгөхөө мэдэхгүй байлгасаар хэнд ч хэрэггүй хог болгосон" гэж ургамал судлаач халаглаж сууна. Цагаан гоёо заг шимж амьдардаг ургамал. Заг багасч байгаа тухай өмнө хэдэнтээ сонсч байсан. Говь нутгийн хуйн холбоотой энэ ургамал ийн устаж байна.
Улаанбаатараас 100 км-ээс дотогш эмийн ургамал түүж болохгүй. Хотын ойролцоо хортон шавьж устгах хор цацдаг учир эрүүл биш. Гэтэл манайхан Богд уул, Хайртхаан, Сонгино хайрхан, Чингэлтэй уулаа тойрч мөлжөөд дуусгалаа. Сонгино хайрхан цагтаа зэрлэг сонгиноор хучигдсан уул байсан гэдэг. Гэтэл Сонгино хайрханаас одоо сонгино түүе гэхнээ олдохгүй. Нэр нь л үлдсэн гэж хошигнох болов. Уг нь дөрвөн уулаа мөлжихийн оронд хотоос зайдуу газраас эмийн түүхий эдээ базаах ёстой. Хол явна гэхээр хоньчинд захиад орхичихдог. Нэг ийм жишиг эм үйлдвэрлэгчдийн дунд тогтсоныг эргэж харах цаг болжээ.

Манайд үйл ажиллагаа явуулдаг ихэнх эмийн үйлдвэрийнхэн түүхий эдээ бэлтгэхдээ малчдыг дайчилдаг. Тэдэнд гурил, будаахан өгөөд ийм ургамал түүгээрэй хэмээн "зүслээд" өгнө. Гэтэл эмийн ургамлыг хэзээ, ямар аргаар түүх, яаж хатаах нарийн арга технологитой. Хоньчин зүс мэдэх ургамлыг зулгаахаас биш түүсэн өвсөө яаж арчлахаа харин ч нэг мэдэхгүй. Түүгээд хэд хоног дарсан ургамал муудаж хэнд ч хэрэггүй болох эсвэл муудсан ургамлаар хийсэн хортой эм хэрэглэгчдэд нийлүүлдэг. Үүнээс болж Монголын хөрсөнд ургасан ургамлаар найруулсан эм хэдий ч тэр нь баталгаатай эсэх нь эргэлзээтэй болдог байна. Угтаа бол мэргэжлийн хун л эмийн ургамал түүх ёстой.

Эмийн ургамал ундарч байдаг булаг биш болохоор нэг л өдөр нөөц дуусч үйлдвэрлэл зогсоно. Байгалийн баялгаа зохистой ашиглаж хэдэн жил амьдрахаа бодмоор. Манай улсад эмийн ургамлаа хамгаалах төрийн тогтолцоо байхгүйн гэрч нь энэ. Хятадаас хэн нэг Ли овогтон морилж ирээд манай орны ховор нандин ургамлыг үндсээр нь тасдан түүж байхад, тийм ургамал их хэмжээгээр худалдаж авна гэж ил тод зарлаж л байхад байгаль хамгаалагч чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг нь хачин. Ой мод огтоллоо гэхэд ухаа сэхээ орж сүйд болдог хэр нь эмийн ховор ургамлыг шуудай шуудайгаар түүж байхад нүдээ боолгосон мэт явдагтаа холбогдох албаныхан дүгнэлт хийгээсэй. Эмийн ургамал ч гэсэн ой мод, алт, ашигт малтмал лугаа Монгол орны байгалийн баялаг билээ.

13:40 - 2012-04-08 - Сэтгэгдэл бичих

үнэхээр яаралтай шийдэх асуудлуудын нэг цаг хугацаа биднийг хүлээхгүй

Зочин - 15:29 - 2014-09-07

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
zain syrgalt


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Бүхнийг хай
Бүхнийг үз

Шинэ бичлэгvvд
- Бурхны зураг
- Египетд шинэ пирамид олджээ
- Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул
- Вирусны ер бусын гоо үзэсгэлэн
- МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ
- Цунами гэж юу вэ?
- Тест
- Исландын гоо үзэсгэлэн
- Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор
- Төв Африкийн алтан сармагчингууд
- Зөвлөмж зөвлөгөө(Ходоодондоо чулуу тээдэг хойлог шувуу устах вий дээ)
- Галт уул
- Далайн зааны амралтын өдрүүд
- Ан амьтан
- монголын байгалийн газарзүй(Бие даалт уншиж судлах)

Найзууд



:-)
 
xaax