sanaa sain bol zaya sain

Галт уул

Галт уул гэдэг нь магмын хоолойн онгорхойгоор газрын гадарга дээр гарч ирсэн материалын хуримтлалаас бий болсон уул юм. Бид галт уулыг газрын гадарга дээр дэлбэрж байдгаар нь мэднэ. Гэвч эдгээр нь зөвхөн далайн түвшнээс дээш орших галт уулс юм. Дэлхийн галт уулын ихэнх нь далайн түвшнээс доор буюу далайд оршдог.

 Гавайн арлын Мауна Лоа галт уулын 1983 оны Килауеа тогооны дэлбэрэлт. Гавайн арлын галт уулсын ихэнх нь лавын оргилолтоос үүссэн бамбай хэлбэрт галт уулс байдаг билээ. Смитсоны Институтын судалгаагаар далайн түвшнээс дээш орших 1511 галт уул нь сүүлийн 10,000 жилийн турш идэвхтэй байдалд оршиж байгаагаас хүн төрөлхтний бичигдмэл түүхэнд тэдгээрийн 539 нь дэлбэрсэн ажээ. Жилд дунджаар 50-60 идэвхтэй бөгөөд далайн түвшнээс дээш орших галт уул бүртгэгддэг байна.

 

II ГАЛТ УУЛ ҮҮСЭХ НЬ

Ихэнх галт уулс нь магмын хуримтлалаар үүсдэг. Магма нь нэг болон хэд хэдэн тогоогоор гадагшилна. Магма үүсэхэд өндөр температур, өндөр даралт хэрэгтэй байдаг. Мантийн хатуу хэсэг болон хөрсний гүний хэсгийн чулуулгууд 80-100 км гүнд хайлмаг болон хувирдаг.

Магмын нэг дусал үүссэн үед тэр нь дээш бага даралттай хэсэг рүү тэлдэг. Учир нь магма чулуулгуудаас илүү нягт багатай байдаг. Эдгээр дуслууд нь хоорондоо нийлж томордог. Том болох тусам илүү хялбар дээшилдэг. Ийнхүү дээшлэн буй магма шууд газрын хөрсөн дээр ил гарчихдаггүй. Харин ихэвчлэн ил гарахаасаа өмнө газар дор хуримтлагддаг байна. Дэлбэрэлттэй болон дэлбэрэлтгүйгээр ил гарах болгондоо галт уулын өнгөн хэсгийг томруулсаар байдаг. Олон ил гаралтын дараагаар хоолойг тойрон уул үүсэх нь бий. Ихэнх галт уулууд далайн гүнд үүсдэг.

Галт уулын бүтэц.


III ГАЛТ УУЛЫН МАТЕРИАЛУУД

Идэвхтэй галт уулаас гурван төрлийн материал цацагдах буюу ил гарах боломжтой. Эдгээр нь лав, тефра (хад чулууны жижиг хэсгүүд), хий юм. Гэхдээ энэ нь галт уулын доторх магмын бүтцээс хамааран өөр өөр байдаг.

A Лав

 

Лав бол дэлбэрэлтийн галт уулын гадаргуугаас халин гарч ирж буй магма юм. Хэрэв магма хэт шингэн бол галт уулыг даган хурдан урсдаг. Харин илүү зуурамтгай, нягт ихтэй бол удаан урсдаг. Нэгэн жигд, гөлгөр гадаргуу үүсгэн урсаж буйг пахоехое урсгал, харин барзгар, нэгэн хэвийн бус гадаргуу үүсгэн урсаж буйг нь аа урсгал гэж нэрлэдэг. Эдгээр нь лавын урсгалыг нэрлэсэн Гавайн арлаас гаралтай хэллэгүүд юм. Базальт, андезит, риолит зэрэг нь лаваас үүсдэг чулуулгууд юм. Энэхүү өөр өөр төрлийн чулуулгуудийг үүсгэх лав нь цахиур давхар ислийн агууламжаараа өөр өөр байдаг юм.

 

Энэтхэгийн далай дахь Rйunion арал дээрх шинээр хөрсөн дээр гарч ирсэн лавын урсгал. Лавын гадарга нь доорх хэсгээсээ харьцангуй түргэн хөрдөг тул ийнхүү үрчийдэг байна.


B Тефра

Тефра буюу пирокласт материалууд нь зууранги чанар ихтэй хатсан магма хагарсанаас үүсдэг. Пирокласт гэдэг нь Грекийн “галд хагарах” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо юм. Тефра гэж агаарт цацагдсан пирокласт материалуудыг нэрлэнэ. Тефрад нь уушгин чулуу, галт уулын нурам, үнс зэрэг ордог. Эдгээр фрагментүүд нь галт уул дотор хий хуримтлагдаж эцэст нь дэлбэрэлт үүсгэснээр агаарт цацагддаг. Үнс гэдэгт диаметр нь 2 мм-ээс бага хэмжээний фрагментүүдийг хамааруулна. Галт уулын блокууд буюу бөмбөг нь тефрагийн хамгийн том хэмжээтэй фрагментэд тооцогддог. Эдгээр нь ихэвчлэн 64 мм-ийн диаметртэй байдаг. Зарим бөмбөг суудлын машины хэмжээтэй байх нь ч бий.

C Хий

Ямар ч төрлийн галт уулын дэлбэрэлт байсан хий гадагшилдаг. Магмаас үүсэлтэй өндөр даралттай галт уулын хийн гэнэтийн алдагдал нь ихэвчлэн галт уулын дэлбэрэлтэд хүргэдэг. Дан магмаас хий үүсэх нь бий ч мөн халуун магмын материал гүний устай харилцан үйлчлэлцсэнээр хий үүсэх нь байдаг. Галт уулын хийд усны уур, нүүрсхүчлийн хий, хүхрийн диоксид ордог.

IV МАГМА ИЛ ГАРАХ

Магмын найрлага, түүнд агуулагдах хий, гадагшлах хоолойн хэлбэр зэргээс хамааран магма хөрсний гадарга дээр өөр өөр байдлаар ил гардаг. Ерөнхийдөө зуурамтгай чанар их байх тусам дэлбэрэлт болох магадлал их байдаг.

АНУ-ын Вашингтон мужид орших Сэнт Хеленс галт уул 1980 оны 3-р сарын 27-оос боргилж эхэлжээ. Энэ нь тус оны 5 дугаар сарын 18-нд хүчтэй дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн дараа галт уулын өндөр нь 2950 метрээс 2550 метр болжээ.


Дэлбэрэлт нь галт уулын гаралтай болон галт уулын бус хагас хатуу болон хатуу чулуулгуудыг атмосферт цацдаг байна. Маш хүчтэй галт уулын дэлбэрэлтийг Плинийн дэлбэрэлт гэж нэрлэдэг. Энэ Ромын байгаль шинжээч том Плинийн нэрнээс үүдэлтэй билээ. Плиний дэлбэрэлт нь хэдэн цагаас хэдэн өдрийн турш  үргэлжлэн маш их хэмжээний пирокласт материалыг агаарт цацаж, их хэмжээний лавыг гадагшлуулдаг байна.

 

Галт уулын дэлбэрэлтийн төрлүүд

 

B Хүчтэй бус

Гавайн галт уулстай адил хүчтэй бус гадагшлалтын үед лавын урсгал үүсдэг. Ийм үед тефра бараг гадагшилдаггүй. Дэлбэрэлтийн бус гадагшлалт нь ихэвчлэн базальт лавтай, бамбай хэлбэрт галт уулуудад тохиолддог байна.

V ГАЛТ УУЛЫН ТӨРЛҮҮД

Галт уул нь магмын хуримтлагдсан хэлбэр, дэлбэрэлтийн хэлбэр, хэр хугацааны давтамжтай дэлбэрдэг эсэхээс шалтгаалан гадаад харагдах хэлбэр, хэмжээгээрээ ялгардаг. Гол галт уулын хэлбэрүүд гэвэл хагаралтаас үүссэн галт уулс, бамбай хэлбэрт галт уулс, бөмбөгөр галт уулс, нурамт конус хэлбэрийн галт уулс, нийлмэл галт уул, кальдерийн галт уулс юм. Доор бид нурамт, нийлмэл, бамбай хэлбэрийн галт уулсын талаар танилцуулах болно.

 

Галт уулын төрлүүд

 

A Нурамт конус хэлбэрийн ба нийлмэл галт уулс

Нурамт конус хэлбэрийн галт уулсын ихэнх хэсэг нь галт уулын сийрэг материал болох нурамнаас бүрддэг. Нурамт конус хэлбэрийн галт уулс нь төдийлөн өндөр байгаад байдаггүй, учир нь нурам татах хүчний үйлчлэлээр гулсах нь их байдаг юм. Нурамт конус хэлбэрийн галт уулсын ихэнх нь геологийн хувьд залуу бүсүүдэд оршдог.

Нурамт конус хэлбэрийн болон нийлмэл галт уулс нь конус хэлбэртэй байдаг юм. Зарим нь маш гоёмсог симметри үүсгэн тогтсон байдгийн жишээ нь Мексик дэх Парикутин галт уул, Япон дахь Фужи уул зэрэг юм.

Нурамт конусан галт уулс нь хоёр шалтгаанаар нийлмэл галт уулаас нилээн жижиг хэмжээтэй байдаг:

1.     Тэдгээр нь сул дэлбэрэлтийн дараа үүссэн байдаг

2.     Тэдгээр нь ихэвчлэн богино хугацаанд оршин тогтнодог. Нэг дэлбэрэлтийн дараа үгүй болох нь элбэг.

Нийлмэл галт уул нь олон жилийн турш богино хугацааны давтамжтай хүчтэй дэлбэрэлтүүдээс үүссэн пирокласт материалууд, лавын урсгалууд, бусад төрлийн үлдэгдлүүдээс бүрдсэн байдаг. Энэ нь ихэвчлэн андезит болон дацитик лаваас бүрдсэн байдаг ажээ.

B Бамбай хэлбэрт галт уулс

Бамбай хэлбэрийн галт уулс нь эртний дайчдын бамбайтай төстэй учраас ийнхүү нэрших болсон гэдэг. Тэдний хэлбэр нь үнэндээ дэлбэрэлтийн бус замаар олон зуун жилийн турш гадагшилсан базальт лавын хатуурлаас үүссэн байдаг. Хоолойноос дэлбэрэлтийн бус замаар гадагшилсан лав тавган дээр асгасан халуун сируп шиг тархан урсдаг. Тиймээс гадагшилсан тэр газраас олон арван километрийн алсад тархах нь бий. Хавай, Исландад олон тохиолддог.

VI ГАЛТ УУЛЫН ТАРХАЛТ

Кориякская Сопка галт уул нь Оросын зүүн хэсэг дэх галт уулсын гинжний нэг хэсэгт оршдог юм. Энэхүү гинжний галт уулсын ихэнх нь идэвхтэй ажээ.

Дэлхийн магма үүсэх бүсүүд, болон галт уулын тархалт нь харилцан хамааралтай байдаг. 1960-аад онд тектоник хавтангийн онол гарахаас өмнө энэхүү галт уулсын бүсүүд нь аль хэдий нь тодорхойлогдсон байсан юм. Энэ онол ёсоор бол 50-150 км зузаантай тектоник хавтангуудын заагуудаар дэлхийн ихэнх далайн түвшнээс доорхи болон дээрх галт уулсууд оршдог. Гэхдээ тектоникийн төв хэсэгт галт уулс тохиолдох нь бий. Гэвч энэ нь маш ховор тохиолддог. Гавайн арлууд бол тектоник хавтангийн дунд хэсэгт орших галт уулсын гинжний далайн түвшнээс дээш орших хэсэг юм.

 

Дэлхийн галт уулсын 80% нь тектоник хавтангийн заагуудаар оршдог байна. Эдгээрийн ихэнх нь номхон далай, түүний эрэг хавиар оршдог байна.

 

Халуун цэгүүд нь заавал тектоник хавтангийн уулзвар дээр байрладаггүй юм. Мантиас дээш салбарласан багана харьцангуй нимгэн газрын хөрсөнд хүрэхэд галт уул бий болдог. Магма дээш хөөрөх тусмаа газрын хөрсний хэсгүүдийг хайлуулж баганыг өргөсгөдөг.

VII Галт уулын хор уршиг

Галт уулын дэлбэрэлт нь шууд болон шууд бус замаар хүмүүс болон эд хөрөнгөд хохирол учруулдаг. Шууд хор уршиг нь пирокласт материалууд, лавын урсгал, цацагдсан үнс нурам, чулуулгийн хэлтэрхийнүүдийн нөлөөгөөр үүсэх боломжтой. Пирокласт материалууд нь 850°С хүртэл халуун, цагт 250 км хүртэл хурдалдаг тул өртсөн хүн амьтанд үхлийн аюул учруулна. Лавын урсгал нь харьцангуй удаан байдаг тул хүний амь хохироох нь ховор ч эд хөрөнгөд асар их хэмжээний сүйтгэлийг авчирдаг.

Галт уулын үнс нурамны хуримтлал нь борооны улмаас нойтон болсон тохиолдолд дээвэр нураах, газар тариалангийн ургамалд ихээхэн хор уршиг тарьдаг. Лахар хэмээн нэрлэгддэг чулуулгийн хэлтэрхийн урсгал нь маш хатуу чулуулгийн хэлтэрхийнүүд, бороо, цасны үүдэлтэй уснаас тогтдог байна. Лахар нь хөндий даган урсаж, замд таарсан бүгдийг устгадаг байна. 20 зууны дэлбэрэлттэй холбоотой үхлийн ихэнх хувь нь пирокласт материал, лахартай холбоотой байдаг.

Шууд бус хор уршигт нь дэлбэрэлтийг дагалдах галт уулын бус үр дагаврууд ордог. Үүнд нь газар хөдлөлт, цунами, борооноос үүдэлтэй шороо чулууны урсгал, дэлбэрэлтийн дараах өвчин, өлсгөлөн зэрэг орно. Шууд бус хор уршигт дэлбэрэлтийн дараах галт уулын үнс нурам, бусад төрлийн материалын хуримтлал бас орно. Энэ нь мал амьтан, тариа ургацыг хөнөөдөг тул өлсгөлөн үүсгэх нь олонтаа. 17-19-р зуунд цунами болон өвчин, өлсгөлөнгөөс үүдэлтэй нас баралт нь галт уулын дэлбэрэлттэй холбоотой үхлийн ихэнх хувийг эзэлж байжээ.

Сауфриерегийн галт уулын жижиг хэмжээний дэлбэрэлтүүд нь 1995 онд Монтсеррагийн хуучин нийслэл Плаймауфыг иргэд нь орхин нүүхээс өөр аргагүйд хүргэжээ. 1997 онд болсон томоохон дэлбэрэлтээс гарсан чулуулгийн урсгал, үнс нурам, хий хүнгүй хотыг бүрхэн сүйрүүлжээ. Дараа дараачийн дэлбэрэлтүүд нь хотыг бүрэн саарал үнсээр бүрсэн байна.

1980-аад оноос эхлэн бас нэгэн галт уулын шууд бус хор уршиг гарах болжээ. Энэ нь галт уулын дэлбэрэлтээс агаарт цацагдсан үнс нурам, утаа нь агаарын тээврийн онгоцнуудад саад учруулах болжээ. 60-аас дээш тооны онгоц ийм байдлаас болон осолдож, гэмтжээ.

VIII Дэлбэрэлтийг урьдчилан мэдэх нь

Волканологийн шийнжлэх ухааны нэгэн том зорилт бол идэвхтэй болон унтаа галт уулсын дараагийн дэлбэрэлтийг урьдчилан мэдэх явдал юм. Хүн төрөлхтөний түүхийн хугацаанд нэг болон түүнээс дээш удаа дэлбэрсэн галт уулсыг эрдэмтэд идэвхтэйд тооцдог. Гэхдээ энэ нь зарим талаар явцуу хэмжигдэхүүн юм.

Эрдэмтэд газрын хөдөлгөөн, хийн гадагшлалт зэргийг нь судлан галт уул хэзээ дэлбэрэхийг амжилттай тооцоолсон тохиолдлууд бий ч энэ нь хараахан найдвартай болоогүй юм. Галт уулын дэлбэрэлтийг урьдчилан мэдэхийн тулд тухайн галт уулыг олон төрлийн нарийн багаж, дээд зэрэглэлийн мэргэжилтнүүд ажиллах хэрэгтэй. Гэвч дэлхийн олон мянган идэвхтэй галт уулсын ердөө 500-г нь одоогоор хяналтдаа аваад байгаа юмБолзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх аргыг мэддэг байх.

20:15 - 2012-05-09 - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
zain syrgalt


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Бүхнийг хай
Бүхнийг үз

Шинэ бичлэгvvд
- Бурхны зураг
- Египетд шинэ пирамид олджээ
- Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул
- Вирусны ер бусын гоо үзэсгэлэн
- МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ
- Цунами гэж юу вэ?
- Тест
- Исландын гоо үзэсгэлэн
- Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор
- Төв Африкийн алтан сармагчингууд
- Зөвлөмж зөвлөгөө(Ходоодондоо чулуу тээдэг хойлог шувуу устах вий дээ)
- Галт уул
- Далайн зааны амралтын өдрүүд
- Ан амьтан
- монголын байгалийн газарзүй(Бие даалт уншиж судлах)

Найзууд



:-)
 
xaax